Ямар ч эмэгтэй сар бүрийн нэг хэсгийг зовиуртай, таагүй өнгөрөөхийг хүсдэггүй. Аз болоход, эдгээр зовиуртай базлалтуудыг багасгахад туслах энгийн аргууд байдаг байна.
Бүлээн жин тавих
Олон эмэгтэйчүүд өвдөлт намдаахын тулд халаасан элстэй уут, устай сав гэх мэт бүлээн жин хэрэглэдэг. Нэгэн судалгаагаар бүлээн жин нь жоргүй олгодог өвчин намдаагчтай адил үр дүнтэй болохыг тогтоожээ. Шүршүүр эсвэл ваннд орохдоо халуун усны тайвшруулах хүчийг бас ашиглаж болно.
Зарим дасгал хөдөлгөөн тус болно
Та зүгээр л бүлээн жингээ тавиад буйдан дээрээ өнжихийг хүсэж магадгүй. Гэхдээ дасгал хөдөлгөөн нь сарын тэмдгийн үед үүсэж буй таагүй мэдрэмжийг бууруулж болзошгүйг зарим судалгаанууд харуулж байна.
Та хэт их ачаалалтай дасгал биш, дунд зэргийн хурдтай алхах зэрэг нь сайн үр дүнд хүргэдэг. Эсвэл иогоор хичээллэж үзээрэй. Иог нь хэд хэдэн судалгаагаар сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тустай болохыг харуулсан байна.
Илүү их ус ууж, каффеин бага уу
Сарын тэмдгийн үед гэдэс дүүрсэн мэдрэмж их байхад ус их уу гэж байгаа нь хачирхалтай санагдаж магадгүй юм. Гэхдээ шингэний дутагдал нь бүх зүйлийг, үүний дотор өвдөлтийг улам хүндрүүлдэг гэдгийг санаарай.
Усны хэрэглээгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ, гэдэс базлахыг нэмэгдүүлж болзошгүй кофе болон бусад каффеины хэрэглээг багасгаарай.
Биед ус татдаг буюу хаван үүсгэхэд хүргэдэг хоол хүнс хэрэглэхээс зайлсхий
Биед ус татдаг хоол хүнсийг хасаагүй үед усны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь тус болдоггүй. Үүнд давс ихтэй хүнс ордог. Мөн та өөх тос ихтэй, чихэрлэг хоол хүнс, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Базлалтын эсрэг үйлчилгээтэй хоол хүнс хэрэглээрэй
Бүйлс, авокадо, бор будаа, маалингын үр, навчит ногоонууд, газрын самрын тос, хушга зэрэг хоол хүнс нь сарын тэмдгийн үед базлах шинж тэмдгийг бууруулахад тустай шимт нэгдлүүдийг агуулсан байдаг.
Өөртөө массаж хийж үзээрэй
Хэвлийдээ массаж хийх нь цусны урсгалыг сайжруулж, улмаар базлах өвдөлтийг намдаах болно. Бүйлс самрын тосыг хэдэн дусал лаванда цэцгийн тостой хослуулсан массажны тосыг туршиж үзээрэй. Мөн та зүү эмчилгээ хийдэг уламжлалтын эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж болохоос гадна базлалтыг багасгах гэртээ хийж болох цэгэн массаж заалгаж болно.
Сайн унтаж амраарай
Хангалттай нойр авахгүй байх нь олон асуудалд хүргэдэг. Нойргүйдэл нь сарын тэмдгийн өвдөлттэй холбоотой байдгыг гайхах зүйлгүй. Халуун ваннд усанд орох, нэг аяга балжингаравын цай нь тустай байж магадгүй. Та мөн орой бүр тогтмол цагт унтаж, унтахаас нэг цагийн өмнөөс электрон төхөөрөмжөө унтраах эсвэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
