Умайн хүзүү нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн бөгөөд энд эс хуваагдан төлжих замаар биемахбодод шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширчихсөн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн төлжиж байдаг тасралтгүй үйл явц юм. Ийнхүү эсийн нөхөн төлжих явцад олон янзын шалтгаанаар эсийн хувирал өөрчлөлт үүсч умайн хүзүүний хавдар бий болох эрсдэлд ордог. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчний хорт хавдар дотор нэгдүгээр байрт орж байна.
Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаануудад:
-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
-Хорт зуршил
-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх…гэх мэт
Умайн хүзүүний хорт хавдар гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, савны амсар хэсгийн хавдар юм. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг эсийн шинжилгээ гэх ба энэ шинжилгээгээр хавдар болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлох боломжтой.
Хавдрын урьтал өвчинд:
Жинхэнэ болон хуурамч шархлаа,
Улайлт
Цагаарал
Ургацаг гэх мэт эсийн өөрчлөлтөт эмгэг багтана.
Эдгээр өвчнүүдийг эрт оношлон эмчлэхгүй бол улмаар хавдрын эсэд шилждэг. Эмч хүний нүдээр болон ЭХО-оор оношлох боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3-5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Ихэнх хүмүүс хүндэрсэн буюу хавдрын гурав, дөрөвдүгээр шатандаа орсон үедээ эмчид ханддаг. Иймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг эмэгтэй хүн бүр жилд 1 удаа хийлгэж байх хэрэгтэй ба уг шинжилгээ нь хийлгэхэд хялбар бөгөөд умайн хүзүүний хавдрыг эрт оношлох боломжтой юм.
Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?
-Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
-Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.
Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Сарын тэмдэг ирж байх үед тест өгөхгүй байх
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.
Умайн хүзүүний хавдрын эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.
-Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах
-Эмэгтэй, Та эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд жил тутамд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100% сэргийлж чадна.
